Тайхар чулуу нь Архангай аймгийн Их тамир сумын нутагт Тамирын голын хөвөөнд орших, бүдүүн ширхэгт боржин чулуун цохио. VII–IX зууны бичээс дурсгалын зүйл ихтэй.Энэхүү чулуун хөшөөний тухай олон домог, шинжлэх ухааны тайлбарууд байдаг. Тайхар чулуу нь газрын байрлалын хувьд урдуур хойгуур нь өндөр дэнж (Хар эрэг)-тэй, харалдаа ард нь Тайхар чулуу руу харсан хадан хясаа бүхий намхавтар уултай (Улаан толгой) бөгөөд олон жилийн өмнө урд хойд хоёр эргийн хооронд их хэмжээний ус урсдаг, арын уул нь Тайхар чулууг хүртэл урагшаа үргэлжилсэн байрлалтай байсан. Гэвч он цагийн аясаар уул элэгдэж, ус ширгэж үгүй болох үед уулнаас үлдсэн хэсэгхэн чулуу нь өнөөдөрийн Тайхар чулуу хэмээх байгалийн үзэсгэлэнт нэгэн бүтээл болон үлджээ.
Алтай Таван Богд уул нь Монгол улсын хамгийн өндөр уул юм. Энэ ч утгаараа Монгол орны дээвэр хэмээгддэг. Таван Богд уул нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл, Улаанхус сумдын заагт оршдог.Таван Богд уул нь таван үндсэн оргилтой ба Монголын хамгийн том гурван мөсөн гол болох Потанины мөсөн гол, Александрын мөсөн гол, Гранегийн мөсөн голууд Таван Богдод оршдог. Эдгээрээс хамгийн том нь Потанины мөсөн гол бөгөөд 14 орчим км урттай.Анхлан 1956 онд Монголын уулчид авирч байснаас хойш 700 гаруй уулчид авирсан ба гадаад дотоодын уулчдын авирах дуртай уул болоод байна.1996 онд Алтай Таван Богд уул, Хотон, Хурган, Даян нуур, Ховд, Хар салаа, Цагаан салаа, Сонгинот, Ёлт зэрэг голуудын ай савуудыг хамруулан Алтай Таван Богдын байгалийн цогцолборт газар хэмээн улсын хамгаалалтанд авсан. 2012 онд Алтай Таван Богд уулыг төрийн тахилгат уул болгон 4 жилд нэг тахиж байхаар болсон.
Завхан гол нь Говь-Алтай, Завхан аймгуудын заагт орших Монголын томоохон голуудын нэг.Тус гол нь Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэрийн хоёр талаас эх авах гол горхиор усжина. Отгонтэнгэрийн өмнө хажуугаас эх авдаг Буянт, Шар-Ус хоёр гол болон мөн Отгонтэнгэрийн ар талаас эх аван урсах Богдын гол, Загастайн давааны баруун талаас эх авах Чигэстэйн гол Яруу сумын нутгаар урсах Яруугийн гол зэрэг томоохон голууд Алдархаан сумын нутаг дахь гурван голын бэлчир гэх газар нийлэн завхан гол болдог байна. Буянт ба Шар-Ус голын хөндийд мөсдөлийн морены хурдас нь тогтсон хэдэн арван нуур байх (хамгийн том нь Хөх нуур) ба өөр хоорондоо гол горхиор холбогдсон эдгээр нуурууд нь илүүдэл усаа Завхан голд цутгана.
Сэлэнгэ мөрөн нь Монгол улсын гол мөрдийн үндсэн усан сүлжээ бөгөөд том жижиг бүх цутгал голуудыг оролцуулбал усан сүлжээний уртын нийлбэр 20000 км хүрнэ. Өөрөөр хэлбэл Монголын гол мөрний нийт уртын 40 гаруй хувь нь Сэлэнгэ мөрний тогтолцоонд хамрагддаг байна.
No comments:
Post a Comment